
Ойн салбар ба Нүүрстөрөгчийн зах зээл
Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “МОНГОЛ ОРНЫ ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” Үндэсний VI хуралд ОЛОЛТ Төв оролцож, ойн салбарын оролцогч талуудад нүүрстөрөгчийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг хуваалцаж, ОЛОЛТ Төвийн хөгжүүлж буй ‘Forest Carbon Program (FCP)” хэмээх Монгол Улсын анхны сайн дурын нүүрстөрөгчийн зах зээлийн механизмын танилцуулгыг өгөв.
Олон улсын нүүрстөрөгчийн зах зээлд оролцох нь мэргэжлийн ур чадвар, өндөр өртөг шаардах тул хүн бүр хамрагдах боломжгүй бөгөөд кредитийг хил дамнуулан зарах тохиолдолд үндэсний түвшинд зөвшөөрөл авч, бүртгүүлэх, хүлэмжийн хийн бууралтыг давхар тооцохгүй байх нөхцөлийг хангах зэрэг асуудлыг төр, засгийн байгууллагууд оновчтой зохицуулах шаардлагатай болно. Харин дотоодын зах зээлийг хөгжүүлснээр арга зүй, үйл явцыг нутагшуулж олон тал (иргэд, орон нутаг, хувийн хэвшил, төр) -ийг оролцуулах боломжийг бүрдүүлэхээс гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх боломжтой болохыг онцоллоо.